Удирдамж

ҮЛЭМЖИЙН ЧАНАР – II

УРТЫН ДУУ ДУУЛААЧДЫН ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2026.03.21

Гурван жил тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг уртын дуу дуулаачдын “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” Олон улсын II уралдаан нь энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойтой давхцаж буй тул уг түүхэн ойд зориулан “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн нэрэмжит” болгон зарлаж байна.  

НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО

  1. Авьяас төгөлдөр уртын дуучдыг нээн илрүүлэх;
  2. Монгол оюуны давтагдашгүй өвийн нэгэн тод илэрхийлэл “МОНГОЛ УРТЫН ДУУ”-ны өвийг хадгалан хөгжүүлэн дэлгэрүүлэх, судлан сурталчлах, соёл, уламжлалыг өвлүүлэн уламжлуулахад тус уралдааны зорилго оршино.

ХОЁР. УРАЛДААНЫ ЖУРАМ НӨХЦӨЛ

2.1. Уралдааныг 16-аас 35 хүртэлх насны оролцогчдын дунд 2 үе шаттайгаар, мэргэжлийн (мэргэжлийн сургууль дүүргэсэн) болон суралцагч (өвлөн уламжлагч) гэсэн хоёр ангилалд  зохион байгуулна. 

2.2. Уралдаанд оролцохыг хүсэгчид 2026 оны 9 дүгээр сарын 07-ноос 9 дүгээр сарын 11-ний хороонд www.ulemjiinchanar.org цахим хуудсанд хандаж, зааварчилгааны дагуу бүртгүүлнэ. Оролцогч өөрийн бүртгүүлсэн хаягаар бүртгэл баталгаажсан хариу хүлээн авснаар бүртгэл баталгаажна.     

2.3. Уралдааныг 7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулна.  

2.4. Оролцогч 1 ба 2 дугаар шатанд дуулах аливаа уртын дууг ГУРВАН ТҮРЛЭГ-ээр дуулна.

2.5. Оролцогчид хамсраа хөгжимчдөө өөрсдөө хариуцаж оролцох ба хуурчид ЗӨВХӨН ШИРЭН ЦАРТАЙ ХУУРААР хуурдаж хамсарна.

2.6. Оролцогч нэгдүгээр шатанд дуулсан дуугаа дараагийн шатанд давтан дуулахгүй.

2.7. 2 дугаар шатны шалгаруулалтад бүх оролцогчид үндэсний хувцастай оролцоно.

2.8. Уралдааны шагналтнуудын “ГАЛА” тоглолтыг хэзээ, хаана зохион байгуулах шийдвэрийг зохион байгуулах хороо бие даан гаргана.  

ГУРАВ. УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ

3.1. 1 дүгээр шатны шалгаруулалт (эчнээ хэлбэрээр)  9 дүгээр сарын 21-нээс 25-ны хооронд Улаанбаатар хотноо явагдаж, 2 дугаар шатанд тэнцсэн мэргэжлийн ангилал 11 (арван нэг), суралцагч ангилал 11 (арван нэг) буюу нийт 22 (хорин хоёр) оролцогсдын нэрсийг 9 дүгээр сарын 25-нд  www.ulemjiinchanar.org цахим хуудсаар зарлана.  

3.2. Оролцогч 1 дүгээр шатанд ХОЁР дуу дуулж оролцоно.

3.2.1. ҮЛЭМЖИЙН ЧАНАР (бүтэн 5 бадаг дуулах)

3.2.2. Өөрийн сонголтоор нэг уртын дуу (гурван түрлэг дуулна)

3.3. Бүртгэл нь баталгаажсан оролцогч дараах шаардлага хангасан дүрс бичлэгээ www.ulemjiinchanar.org цахим хуудсанд байрших зааварчилгааны дагуу 9 дүгээр сарын 13-аас 20-ны өдрийг хүртэл хугацаанд илгээн хүлээлгэн өгнө. Үүнд:

  • Заагдсан бүтээлийг дүрс бичлэгийн төхөөрөмжөөр хөдөлгөөнгүй нэг байршлаас дуу, дүрсний өндөр чанартайгаар бичсэн байх,
  • Бичлэг нь дуу тус бүрээр ямар нэг засвар, эвлүүлэггүй хийгдсэн байх,
  • Бичлэгийн нэрийг (file name) хадгалахдаа оролцогч өөрийн овог нэрийг латин үсгээр бүтэн бичсэн байх.  
  1. Засвар, эвлүүлэгтэй бичлэгийг шалгаруулалтад оруулахгүй.

3.4. 2 дугаар шатны шалгаруулалт 10 дугаар сарын 01 ба 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдана. 

3.5. 2 дугаар шатанд тэнцсэн оролцогчид 10 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт техникийн зөвлөгөөнд ирж, дуулах дараалал тогтоох сугалаа сугална. Товолсон цагт биеэр ирээгүй оролцогч шалгаруулалтаас шууд хасагдана.

3.6. 2 дугаар шатны шалгаруулалт 10 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагт эхэлнэ. 

3.7. Оролцогч 2 дугаар шатанд ГУРВАН дуу дуулж оролцоно.

3.7.1. Эртний сайхан, 

Асрын өндөр, 

Дуртмал сайхан, 

Бударч харагдах хангай, 

Сэрүүн сайхан хангай гэх 5 дуунаас сонгож 2 дууг нь 3 түрлэгээр дуулна. 

3.7.2. Өөрийн хоолойн чадлыг мэдрүүлэх нэг уртын дуу, өөрийн сонголтоор (3 түрлэг бүрэн дуулах)

3.8. Уралдааны дүнг 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагт https://ulemjiinchanar.org/ вэб сайтад нийтлэн танилцуулна.

3.9. Гран-при шагналын эзнийг уралдааны шагналтнуудын “ГАЛА” тоглолтын төгсгөлд зарлан цом, шагналыг гардуулна. 

3.10. Уралдааны явцад шүүгчдээс хамгийн өндөр оноогоор дүгнэгдсэн 3 хуурч “ЭРТНИЙ САЙХАН” дууг дангаар хуурдаж шалгаруулалтад оролцоно. Энэ шалгаруулалтаас  шилдэг хуурчийг шалгаруулна.

ДӨРӨВ. УРАЛДААНЫ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

ГРАН-ПРИ шагнал:

  1. 10.000.000 (арван сая) төгрөг
  2. Уралдааны лого бэлгэдлийг агуулсан алтан шармал ЦОМ, батламж
  3. Уралдааны лого бэлгэдлийг тусгайлан зурж чимэглэсэн ШИРЭН ЦАРТАЙ МАСТЕР ХУУР

Мэргэжлийн ба Суралцагч ангилал:

  1. Нэгдүгээр байр:
    1. 5.000.000 (таван сая) ₮
    2. Уралдааны лого бэлгэдлийг агуулсан алтан МЕДАЛЬ, батламж 
  1. Хоёрдугаар байр:
    1. 3.000.000 (гурван сая) ₮
    2. Уралдааны лого бэлгэдлийг агуулсан мөнгөн МЕДАЛЬ, батламж 
  1. Гуравдугаар байр:
    1. 1.500.000 (нэг сая таван зуун мянга) ₮
    2. Уралдааны лого бэлгэдлийг агуулсан хүрэл МЕДАЛЬ, батламж 
  1. Нэрэмжит шагнал: 1-2 хүнд
  1. Шилдэг хуурч:
    1. Уралдааны лого бэлгэдлийг тусгайлан зурж чимэглэсэн ШИРЭН ЦАРТАЙ МАСТЕР ХУУР, 
    2. Уралдааны лого бэлгэдлийг агуулсан алтан МЕДАЛЬ, батламж

Санаачлан зохион байгуулагч: “ТАВАН НҮДЭН” брэнд

Хамтран зохион байгуулагч: “ХАН МЮЗИК” ХХК

МОНГОЛЫН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН ХОЛБОО